Нүүр хуудас> Шинэ мэдээ>Төслийн буцалтгүй тусламж ”Улаанбаатар хотын гүүрэн гарц барих төсөл"НАРНЫ ГҮҮР"-ийн нээлтийн ажиллагаа

 


Төслийн буцалтгүй тусламж

”Улаанбаатар хотын гүүрэн гарц барих төсөл"НАРНЫ ГҮҮР"-ийн нээлтийн ажиллагаа

 

 

   

    10-р сарын 17-ны / лхагва гарагт / өдөр Улаанбаатар хотноо Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан "Нарны гүүрийн нээлтийн ажиллагаа" явагдаж  Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шимизү Такэнори, Монгол Улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг нар оролцов.

   

    Улаанбаатар хотын урд хойд хэсэгт 2 төмөр замын гарам, 2 төмөр зам дээгүүрх гүүрэн гарц  (Гурвалжингийн гүүр, Энхтайваны гүүр ) байдаг боловч эдгээр гүүрүүд нь элэгдэж хуучран , эвдэрч гэмтсэн тул хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах боломжгүй болоод байсан билээ.

 

    Нарны гүүрийг барьж байгуулах төсөл нь 2009 оны 5 сарын 27-нд  нот бичигт гарын үсэг зурснаар хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг төслөөр хойд хэсгийн их тойруугын замыг урд хэсгийн Энгельсийн замтай холбосон төмөр замын гүүрэн гарц болон зүүн, урд хэсгийн авто замыг замыг барьж байгуулсан юм.

   

   

    Энэ гүүр нь  Япон улсын сүүлийн үеийн дэвшилтэт шинэ технологийг  ашиглан баригдсан анхны ган хийцтэй, металл гүүр (гүүрийн урт 262 метр, хойд урд дөхөх замууд 633 метр , нийт урт нь 895 метр ) юм.
    Нарны гүүрийн нээлтийн ажиллагаанд  Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Зам тээврийн сайд А.Гансүх, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар оролцов. Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлсэн үгэндээ "Энэ гүүрийг Улаанбаатарчууд Нарны гүүр хэмээн нэрлэсэн нь билэг дэмбэрэлтэй юм. Үнэхээр нэр шигээ наранд ойрхон хөгжил, дэвшилд хөтөлсөн гүүр сүндэрлэн бослоо.Нарны гүүр ашиглалтанд орсноор өдөрт 30 мянган машин энэ гүүрээр зорчиж нийслэлийн авто замын ачааллыг 30 хувиар бууруулна " хэмээн дурдсан.
    Мөн Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл хэлсэн үгэндээ "Монгол улс социалист нийгмийн тогтолцооноос гарч бие даан хөгжих болсон өнгөрсөн 20 жилийн хугацаанд бидэнд хамгийн их дэмжлэг тусламж үзүүлсэн улс  бол Япон Улс юм. Монгол улсын нийгмийн салбарт тулгарч буй олон асуудлыг шийдвэрлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн манай улсыг бүхий л талаар дэмжин туслаж ирсэн Японы Улсын Засгийн газар, японы ард түмэнд энэхүү завшааныг ашиглан дахин талархал илэрхийлэхийг хүсэж байна" хэмээн дурдсан.

    Элчин сайд Шимизү Такэнори мэндчилгээндээ "Нарны гүүр нь цаашид хоёр орны найрамдалт харилцааг холбох гүүр болно гэдэгт найдаж байна" хэмээн дурдсан юм.

 

    Хөдөлгөөний аюулгүй байдлын  шаардлагыг хангасан найдвартай  гүүрэн гарцыг ашиглалтанд оруулснаар төмөр замын гарам дайрахгүй аюулгүй жигд авто замын хөдөлгөөнтэй болж, Улаанбаатар хотын авто замын ачаалалыг багасгахад хувь нэмэр оруулахын зэрэгцээгээр  эдийн засгийн үйл ажиллагаа идэвхжих, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад  нөлөөлнө хэмээн үзэж байна.

 

 

太陽橋           太陽橋
太陽橋 太陽橋 太陽橋
太陽橋            太陽橋