Ерөнхий боловсролын сургуулийн барилга барих 4 дэх шатны төсөл
"Амгалан цогцолбор сургууль, 52-р сургуулийн барилга"- г хүлээлгэж өгөх ёслолын арга хэмжээ
Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Амгалан цогцолбор сургууль дээр Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй "Ерөнхий боловсролын сургуулийн барилга барих 4 дэх шатны төсөл"-өөр баригдсан Амгалан цогцолбор сургууль, Хан-Уул дүүргийн 52-р сургуулийн барилгыг хүлээлгэж өгөх ёслолын арга хэмжээ зохион байгуулагдаж уг арга хэмжээнд Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчинсайд Шимизү Такэнори оролцов.
Монгол Улсын хөдөө орон нутгаас хот суурин газар руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөн, ерөнхий боловсролын сургууль 12 жилийн тогтолцоотой болсонтой холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн сурах орчин хангалтгүй анги танхим хүрэлцэхгүй байдал тулгамдсан асуудлын нэг болж байна.
Япон Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Ерөнхий боловсролын сургуулийн барилга барих" төсөл нь 1999 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотноо нийт 43 сургуулийн барилгыг барьж байгуулсан юм.
4 дэх шатны төслөөр (2009 – 2013 он) Улаанбаатар хотод 12 сургууль барихаар төлөвлөсөн бөгөөд одоогийн байдлаар 8 сургуулийн барилга баригдаж дуусаад байна.
Ёслолын арга хэмжээнд Нийлэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, Баянзүрх дүүргийн засаг дарга Б.Батзориг тэргүүтэй албаны хүмүүс оролцов. Нийлэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана хэлсэн үгэндээ "Ерөнхий боловсролын сургуулийн барилга барих төсөл"нь монголын боловсролын салбарын тулгамдсан асуудлын нэг болох хүүхэд багачуудын сургалтын орчинг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулагдсан уг сургууль нь Монгол улсын ирээдүйг авч явах хүүхэд багачууд сурч боловсроход чухал үүрэг гүйцэтгэн хэмээн гүнээ итгэж байна хэмээн дурдсан.
Япон Улсын Засгийн газар нь "Бүх хүнд өгөөжтэй эдийн засгийн өсөлтийг бэхжүүлэхэд чиглэсэн тусламжийг Монгол улсад үзүүлэх тусламжийн чиглэлийнхээ нэг болгосон бөгөөд боловсролын салбарыг голчилсон эдийн засгийн суурь үйлчилгээг бэхжүүлэхийн зэрэгцээгээр суурь боловсролын нөхцлийг сайжруулах замаар хүний нөөцийг хөгжлийг дэмжих үйл ажиллагааг идэвхтэй явуулах болно.

