2011 оны санхүүгийн жилийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн буцалтгүй тусламжийн төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо.
3 сарын 20-ны өдөр, Элчин сайд Такэнори Шимизү болон Архангай аймгийн Засаг дарга Ё. Баатарбилэг нар Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын өргөөнд “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх “Архангай аймгийн Хашаат сумын сургуулийн их засварын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа.
Дээрхи төсөлд нийт 59,502 ам.доллар буюу ойролцоогоор 79,400,000 төгрөг хүртэлх санхүүгийн тусламж үзүүлэхээр боллоо.
Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс – хүний аюулгүй байдлыг хангах” хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын энгийн ард иргэдэд шууд үр ашгаа өгөх, иргэдийн хэрэгцээнд тулгуурласан тусламжийг үзүүлэх зорилготой хөтөлбөр юм.
Өнөөдөр гарын үсэг зурсан төсөл нь Монгол улсын ирээдүй болсон хүүхэд багачуудын суралцах орчин нөхцөлийг сайжруулах зорилготой төсөл юм. Хүүхдүүдийг илүү тохилог сайхан орчинд боловсруулж хөгжүүлэх явдал нь Монгол улсын хөгжлийн суурь нь болж цаашлаад Япон Монгол хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэхэд гол түлхэц болно хэмээн итгэж байна.
Ёслолын үеэр Архангай аймгийн Засаг дарга Ё.Баатарбилэг хэлэхдээ “Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Архангай аймгийн Хашаат суманд төсөл хэрэгжүүлэхээр болсонд туйлын баяртай байна. Архангай аймгийн нийт ард иргэдийн өмнөөс Япон улсын Засгийн газар болон Японы нийт ард иргэдэд гүнээ талархаж буйгаа илэрхийлье.” хэмээв.
Элчин сайд Шимизү “Холбогдох бүх хүмүүсийн хүчин чармайлтаар өнөөдөр гарын үсэг зурсан төсөл амжилттай хэрэгжиж, Хашаат сумын хүүхдүүд инээд хөөрөөр бялхаж байхыг хүсэн ерөөе.” хэмээв.
2011 оны санхүүгийн жил (2011 оны 4 дүгээр сараас эхлэн 2012 оны 3 дугаар сарыг дуустал)-ийн хувьд өдийг хүртэл өнөөдөр гарын үсэг зурсан төслийг оролцуулаад нийт 20 төсөлд 1,930,000 орчим ам.долларын (ойролцоогоор 2,541,000,000 төгрөг) “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах” хөтөлбөрийн буцалтгүй тусламжийн төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байна.

