Нүүр хуудас>Хоёр улсын харилцаа >“Ерөнхий боловсролын сургуулийн барилга барих 4 дэх шатны төсөл”
“Ерөнхий боловсролын сургуулийн барилга барих 4 дэх шатны төсөл”
121 -р сургуулийн барилгыг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ
3 сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Ерөнхий боловсролын сургуулийн барилга барих 4 дэх шатны төсөл”-өөр баригдсан Сонгинохайрхан дүүргийн 121-р сургуулийн барилгыг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ зохион байгуулагдаж уг арга хэмжээнд Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчинсайд Шимизү оролцов.
Япон Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ерөнхий боловсролын сургуулийн барилга барих” төсөл нь 1999 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл Улаанбаатар хотод 45, Орхон аймагт 7, Дархан-Уул аймагт 3 нийт 55 сургуулийн 668-н анги танхимийг барьж байгуулан сургалтын үндсэн хэрэглэгдэхүүний хамт хүлээлгэж өгөөд байна.
2009-2013 оны хооронд хэрэгжүүлсэн 4 дэх шатны төслөөр Улаанбаатар хотод 12 сургууль баригдсан бөгөөд 121-р сургууль нь 10 дахь хүлээлгэн өгч буй сургууль болж байна.
Ёслолын арга хэмжээнд Боловсрол, Шинжлэх Ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг тэргүүтэй албаны хүмүүс оролцсон бөгөөд тэрээр хэлсэн үгэндээ “Боловсролын салбарт хамгийн их тусламж дэмжлэг үзүүлдэг Япон Улсын Засгийн газар, Японы ард түмэнд гүн талархал илэрхийлж байна.Боловсролын салбарт үзүүлж буй тусламж дэмжлэг нь хамгийн их нүдээ олсон хамтын ажиллагаа байдаг бөгөөд энэ нь улс оронд үр өгөөжөө өгч чаддаг гэж боддог.Өдгөө боловсролын салбарт хэрэгжүүлж буй шинэчлэлийн бодлого, боловсролын чанарын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх үндсэн гол нөхцөл болсон боловсролын салбарын орчин нөхцлийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн Японы Засгийн газар, Японы ард түмэнд Боловсрол,Шинжлэх ухааны яамны нэрийн өмнөөс дахин талархал илэрхийлье.” хэмээн дурдсан юм.
Япон Улсын Засгийн газар “Монгол улсын иргэн бүр үр шимийг нь хүртэж чадах эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн тусламж”- ийг Монгол Улсад үзүүлэх тусламж хөтөлбөрийн үндсэн нэг чиглэл болгосон бөгөөд боловсролын салбарт зонхилсон нийгмийн суурь үйлчилгээг бэхжүүлэхийн зэрэгцээгээр цаашид ч гэсэн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын орчин нөхцлийг сайжруулах замаар хүний нөөцийг хөгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх болно.


