Нүүр хуудас>Хоёр улсын харилцаа > “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо.
“Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо.
2 сарын 5-ны өдөр, Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын өргөөнд Элчин сайд Такэнори Шимизү 6 аймаг, 2 дүүргийн Засаг дарга болон Засаг даргын орлогч нарын хамт “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх 8 төсөлд гарын үсэг зурлаа. Энэхүү арга хэмжээнд Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Гантөмөр хүрэлцэн ирсэн.
Энэ удаад гарын үсэг зурсан төслүүд нь “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Хүмүүн цогцолбор” 3-р сургуулийн өргөтгөл барих төсөл” (Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ), “Булган аймгийн Булган сумын 7-р цэцэрлэгийн их засварын төсөл” (Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат), “Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 73-р цэцэрлэгийн их засварын төсөл” (Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг), “Баянхонгор аймгийн Шинэжинст сумын сургуулийн дотуур байрны их засварын төсөл” (Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан), “Завхан аймгийн Цагаанхайрхан сумын сургуулийн их засварын төсөл” (Завхан аймгийн Засаг даргын орлогч Б.Нямдорж), “Увс аймгийн Улаангом сумын 3-р сургуулийн засварын төсөл” (Увс аймгийн Засаг даргын орлогч М.Ганбаатар), “Хэнтий аймгийн Батноров сумын цэцэрлэгийн өргөтгөл барих болон их засварын төсөл” (Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар) болон “Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 83-р цэцэрлэгийн их засварын төсөл” (Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд) бөгөөд эдгээр 8 төсөлд нийт 804,064 ам.доллар буюу ойролцоогоор 1 тэрбум 101 сая 572 мянга 245 төгрөг хүртэлх санхүүгийн тусламж үзүүлэхээр боллоо.

Сайд Гантөмөр, Элчин сайд Шимизү нар аймаг дүүргийн
Засаг дарга болон Засаг даргын орлогч нарын хамт
Гарын үсэг зурсан эдгээр төслүүд нь бороо цасны дусаал гоожиж, халаалтын систем нь эвдэрч гэмтэх зэргээр хуучирч муудсан сургууль, дотуур байр болон цэцэрлэгийн сургалтын орчинг сайжруулахыг зорьж байгаа бөгөөд ирээдүйн Монгол улсыг бүтээн байгуулах хүний нөөцийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах төсөл юм.
Ёслолын үеэр Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Гантөмөр “Шинэчлэлийн засгийн газраас хэрэгжүүлж буй эрдэм боловсролтой Монгол хүн хөтөлбөрийн хүрээнд Монголын боловсролын хөгжлийн шинэ шатанд гарах өнөө үед Япон улсын дэмжлэг, Япон улсын засгийн газрын тусламж асар чухал ач холбогдолтой байгааг цохон тэмдэглэмээр байна. Монголын Засгийн газар, Боловсрол, Шинжлэх ухааны яам төдийгүй Монголын мянга мянган хүүхдүүдийн өмнөөс Япон улсын Засгийн газар болон Японы ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна” хэмээв.
Мөн гарын үсэг зурсан 8 төслийн аймаг, дүүргийн Засаг дарга, Засаг даргын орлогч нарыг төлөөлж Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар “Монгол оронд ардчилал, зах зээлийн нийгэм үүсч хөгжсөн тэр цагаас эхлэн Япон улсаас үзүүлж ирсэн эдийн засаг, хүмүүнлэгийн тусламж дэмжлэгүүд үнэхээр Монгол орны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд нүдээ олсон дэмжлэг байсан гэдгийг хэлэхэд таатай байна. Хан Хэнтий нутгийнхаа ард иргэдийн өмнөөс манай аймгийн боловсрол, эрүүл мэндийн салбарт Өвсний үндэс хөтөлбөрийг хэрэгжүүлж буйд Япон улсын Засгийн газарт талархаж байгаагаа илэрхийлье” хэмээв.
Эцэст нь Элчин сайд Т.Шимизү “Миний бие боловсролын салбарыг улс орны ирээдүй болсон хүний нөөцийг хөгжүүлэхэд ихээхэн чухал үүрэгтэй гэж үздэг. Үүнтэй адилаар Монголын зүйр цэцэн үгэнд「загас барьж өгөх биш, харин загас барих аргыг нь зааж өг」гэсэн үг байдагчлан хүний нөөцийг хөгжүүлэх нь улс орны хөгжил дэвшлийн хамгийн амин чухал зүйл юм. Өнөөдөр гарын үсэг зурсан 8 төсөл амжилттай хэрэгжин, Монгол хүүхдүүд илүү тохилог сайхан орчинд боловсорч хүмүүжихийг хүсч байна” хэмээв.
Дээрх 8 төсөл хэрэгжсэнээр 2012 оны санхүүгийн жилд “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол улсад хэрэгжүүлж буй төслийн тоо 18 болж байгаа бөгөөд нийт 1,889,422 ам.доллар буюу ойролцоогоор 2 тэрбум 557 сая 772 мянга 245 төгрөг болох юм.
Манай элчин сайдын яамны хувьд Монголын боловсролын салбараас эхлүүлэн нийгмийн хэрэгцээнд тулгуурласан түргэн шуурхай хамтын ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд цаашид ч “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-өөр дамжуулан Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг зорьж байна.

Сайд Гантөмөр, Элчин сайд Шимизү нар сургуулийн
захирал болон цэцэрлэгийн эрхлэгч нарын хамт

