ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

日本国国旗

在モンゴル日本国大使館

2016 оны санхүүгийн жилийн “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 5-р сургуулийн дотуур байрны засварын төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ

   3 дугаар сарын 7-ны өдөр, Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газарт зочилж, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока болон Засаг дарга Г.Батсуурь нар Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр(*1)”-ийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.
 
   Хэрэгжих төслийн нэр: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 5-р сургуулийн дотуур байрны засварын төсөл
Тусламжийн хэмжээ: 75,635 ам.доллар
Хүлээн авагч байгууллага: Говьсүмбэр аймаг
 
   Гарын үсэг зурах ёслолын үеэр Элчин сайд М.Такаока хэлэхдээ “Энэ жил Япон улс, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны тэмдэглэлт 45 жилийн ой тохиож буй  бөгөөд  энэ оны анхны “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн гарын үсэг зурах ёслолын арга хэмжээг Говьсүмбэр аймагт зохион байгуулж байгаад миний бие туйлын их баяртай байна. Боловсрол бол улс орны тулгуур багана билээ. Энэ удаагийн төсөл нь сурагч болон багш ажилчдын эрүүл аюулгүй орчинд сурч амьдрах боломж олгох чухал ач холбогдолтой төсөл юм” хэмээв.
 
   Засаг дарга Г.Батсуурь хэлэхдээ “Өвсний үндэс хөтөлбөрөөр төсөл хэрэгжүүлэхээр болсон явдалд талархаж байна. Энэ удаагийн төсөл нь Говьсүмбэр аймгийн нийгмийн хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалт юм. Говьсүмбэр аймгийг төлөөлөн Япон улсын ард иргэдэд талархлаа ирэлхийлье” хэмээв.
 
   2016 оны Японы санхүүгийн жилд “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн төслийн тоо 19, тусламжийн нийт дүн 1,459,537 ам.доллар буюу 2,925,256,746 төгрөг болоод байна.
 
   Япон улсын Засгийн газар нь Монгол улсын боловсрол болон нийгмийн салбарт тулгамдаж буй олон асуудлыг бодит хэрэгцээнд нь тулгуурлан түргэн шуурхай шийдвэрлэхийн тулд цаашид ч “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн бүхий л боломжийг ашиглаж хамтран ажиллахын зэрэгцээ Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг зорих болно.
 
 
  (*1) Япон улсын Засгийн газраас 1990 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр” нь хөгжиж буй орнуудын орон нутгийн засаг захиргаа болон боловсрол, эрүүл мэндийн байгууллагууд гардан хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хэрэгжүүлдэг уг төслийн үр ашгийг иргэд шууд хүртэх давуу талтай бөгөөд Япон улсын дипломат төлөөлөгчийн газар санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэдэг.

 

Элчин сайд М.Такаока, Аймгийн Засаг дарга Г.Батсуурь
болон Говьсүмбэр аймгийн холбогдох хүмүүс
гарын үсэг зурах ёслолын арга хэмжээний үеэр авсан дурсгалын зураг


Дуу бүжгийн “Боржигин” чуулга ая дуугаа өргөн барив


2015 оны санхүүгийн жилд “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн
хүрээнд хэрэгжүүлсэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р сургууьтай танилцав.
Сургуулийн захирал төслийн талаар танилцуулж буй нь: Элчин сайд М.Такаока /зүүн талаасаа гурав дахь/,
Засаг дарга / баруун талаасаа гурав дахь /,
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга /баруун талаас эхэнд/



Говьсүмбэр аймгийн иргэдийн шүтээн болсон Чойр ууланд
Биднийг халуун дотноор хүлээн авсан Говьсүмбэр аймгийн хамт олонд
талархал илэрхийлье