ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

日本国国旗

在モンゴル日本国大使館

“Япон улсын Элчин сайдын нэрэмжит цомын төлөөх жүдо бөхийн өсвөр үеийн тэмцээн” зохион байгуулагдлаа

    2017 оны 1 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд тус Элчин сайдын яам нь Монголын жүдо бөхийн холбоотой хамтран “Япон улсын Элчин сайдын нэрэмжит цомын төлөөх жүдо бөхийн өсвөр үеийн тэмцээн”-ийг зохион байгууллаа. Уг тэмцээнийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, О.Баасанхүү нар хүрэлцэн ирж сонирхсон бөгөөд Монгол орны өнцөг булан бүрээс 400 гаруй өсвөрийн жүдочид оролцсон эрч хүчээр дүүрэн сонирхолтой тэмцээн болж өндөрлөлөө. Өсвөр үеийн тэмцээн нь 20 гаруй жилийн дараа ахин сэргээн зохион байгуулагдаж байгаа нь энэ бөгөөд жүдо сонирхогчид өмнөх дурсамжаа эргэн ярилцаж байлаа. Япон, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн тэмдэглэлт ой тохиож буй энэ онд ийнхүү олон жилийн түүхтэй тэмцээнийг дахин сэргээж байгаа билээ.
    Шагнал гардуулах ёслолын үеэр шийдвэрлэх барилдаандаа уран мэхийг үзүүлж цэвэр ялсан 3 тамирчинг Элчин сайд М.Такаокагийн зүгээс JENESYS2016 хөтөлбөрөөр Япон оронд аялах эрхээр шагнав.


 

 


Элчин сайд М.Такаока онцгой амжилт гаргасан 3 тамирчинд нэрэмжит шагналаа гардуулав


Урд эгнээний баруун талаас Элчин сайд М.Такаока, УИХ-ын гишүүн
Д.Цогтбаатар, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга