ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

日本国国旗

在モンゴル日本国大使館

Япон улсын Засгийн газрын Төслийн бус буцалтгүй тусламжийн хуримтлалын сангийн хөрөнгөөр барьж, байгуулсан “Төгөлхөн” цэцэрлэг нээлтээ хийлээ

  10 сарын 6-ны өдөр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоноо Япон улсын Төслийн бус буцалтгүй тусламжийн хуримтлалын сангийн хөрөнгөөр баригдсан “Төгөлхөн” цэцэрлэгийн шинэ барилгын нээлтийн ажиллагаа явагдаж, аймгийн Засаг даргын орлогч Ж. Сайнцог, холбогдох яам, албадын холбогдох хүмүүс, нутгийн иргэдийн төлөөлөл болон тус Элчин сайдын яамыг төлөөлж нэгдүгээр нарийн бичгийн дарга Фүкасава Хироши нар оролцлоо.
  “Төгөлхөн” цэцэрлэг нь Улаанбаатар хотоос 125 км-ын зайд орших, 3800 орчим хүн амтай Түнхэл тосгоны хэмжээнд байдаг ганц цэцэрлэг юм. 1967 онд байгуулагдсан 50 жилийн түүхтэй, 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай уг цэцэрлэгийн барилга нь хуучирч муудсаны зэрэгцээ сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй хүүхдийн тоо ихэссэний улмаас уг барилгыг шинэчлэх зайлшгүй шаардлага тулгараад байв. Мөн хуучин цэцэрлэгт ариун цэврийн өрөө байхгүйгээс хүүхдүүд өвлийн тэсгим хүйтэнд ч гадаа ариун цэврийн шаардлага хангаагүй бие засах газар ашиглаж байсан. Шинээр барьсан барилга нь хүүхдийн насанд тохирсон зориулалтын суултуур бүхий боловсон ариун цэврийн өрөөтэй болсон ба нөхцөл байдал өмнөхөөсөө эрс шинэчлэгдэж сайжирсанд сэтгэл маш хангалуун байгаагаа нутгийн ард иргэд болон холбогдох хүмүүс илэрхийлж байлаа.

                                 
                                                “Төгөлхөн” цэцэрлэгийн барилгын нээлтийн үйл ажиллагаа
 
                                 
                                    Цэцэрлэг үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ой, цэцэрлэгийн шинэ барилгын
                                              нээлтийг тохиолдуулан хүндэт зочид тууз хайчилж байгаа нь

                                
                       Анги тус бүрд байгуулсан ариун цэврийн өрөө       Шинэ тоглоомоор наадах багачуул

 
Төслийн талаарх мэдээлэл
1. Төслийн нэр: Улаанбаатар хот болон 7 аймагт цэцэрлэг барьж байгуулах төсөл
2. Төслийн өртөг: 1 тэрбум 232.6 сая төгрөг (Хуримтлалын сангаас нийт 8 тэрбум 996 сая төгрөг уг төсөлд зарцуулагдана)
3. Төсөлд хамрагдах бүс нутаг: Улаанбаатар хот, Дорноговь аймаг, Дорнод аймаг, Завхан аймаг, Сэлэнгэ аймаг, Төв аймаг, Ховд аймаг, Орхон аймаг
4. Төслийн зорилго: Хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсрол эзэмших орчныг бүрдүүлэх, цэцэрлэг стандарт нормоос илүү олон хүүхэд хүлээж авч буй нөхцөл байдлыг сайжруулах, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй хүүхдийн тоог багасгах зорилгоор Улаанбаатар хот болон 7 аймагт нийт 1100 хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий 10 цэцэрлэг барьж байгуулна.
5. Хуримтлалын сан: Хуримтлалын сан гэдэг нь Төслийн бус буцалтгүй тусламжаар олгогдсон бараа, бүтээгдэхүүнийг зарж, борлуулсан мөнгийг тусламж хүлээн авагч улсын Засгийн газар нь Төв банкинд тусгай данс нээж хуримтлуулсан хөрөнгийг хэлнэ. Тус хөрөнгийг зарцуулахдаа тухайн улс нь Япон улсын Засгийн газартай зөвшилцсөний үндсэн дээр нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах төсөл, хөтөлбөрт ашиглах боломжтой.