ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

日本国国旗

在モンゴル日本国大使館

2017 оны санхүүгийн жилийн “Япон улсын буцалтгүй тусламжийн Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх Нийслэлийн Өргөө амаржих газрын засварын төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.

8 дугаар сарын 11-ны өдөр, Япон улсын Элчин сайд М.Такаока Нийслэлийн Өргөө амаржих газарт зочилж, тус газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д. Наранцацралтын хамт Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр (*1)”-ийн хүрээнд хэрэгжүүлэх дараах төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.
 
Хэрэгжих төслийн нэр: Нийслэлийн Өргөө амаржих газрын засварын төсөл
Тусламжийн хэмжээ: 58,154 ам.доллар
Хүлээн авагч байгууллага: Нийслэлийн Өргөө амаржих газар
 
            Гарын үсэг зурах ёслолын үеэр Элчин сайд М.Такаока хэлэхдээ “Эмнэлгийн ажилчдын баярын энэ сайхан өдөр буцалтгүй тусламжийн Өвсний Үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх “Нийслэлийн Өргөө амаржих газрын засварын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурах болсонд туйлын баяртай байна. “Хүүхэд бол улс орны эрдэнэ” билээ. Япон улс, Монголын айл гэрийн аз жаргал болсон эрүүл мэндийн салбарт хувь нэмэр оруулж байгаагаараа бахархаж байна. Энэхүү хамтын ажиллагааны дүнд манай найрсаг харилцаатай улс болох Монгол улсын  эрүүл мэндийн стандарт сайжирч, Монголын ард түмэн аз жаргалтай амьдраасай хэмээн хүсч байна.” хэмээв.
            Өргөө амаржих газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Наранцацралт хэлэхдээ “Монгол улсад эх барих эмэгтэйчүүдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх анхны байгууллага болох Нийслэлийн Өргөө амаржих газар үүсч байгуулагдсанаас хойш 90 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Япон улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг Өвсний Үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөрөөр “Нийслэлийн Өргөө амаржих газрын засварын төсөл” хэрэгжих болсонд бид туйлын их баярлаж, талархаж байгаагаа илэрхийлье” хэмээв.
 
Япон улсын Засгийн газар нь Монгол улсын эрүүл мэнд болон нийгмийн салбарт тулгамдаж буй олон асуудлыг бодит шаардлагад тулгуурлан түргэн шуурхай шийдвэрлэхийн тулд цаашид ч “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн бүхий л боломжийг ашиглаж, хамтран ажиллахын зэрэгцээ Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг зорих болно.
 
(*1) Япон улсын Засгийн газар 1990 оноос эхлэн “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж ирсэн. Хөгжиж буй орнуудын орон нутгийн засаг захиргааны байгууллага, боловсрол болон эрүүл мэндийн байгууллагуудаас хэрэгжүүлдэг энгийн ард иргэдэд шууд үр ашгаа өгөх, иргэдийн хэрэгцээнд тулгуурласан тусламжийг үзүүлэх төсөлд Япон улсын дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан санхүүгийн тусламж үзүүлдэг.

 

Элчин сайд М.Такаока болон Нийслэлийн Өргөө амаржих газрын
даргын үүрэг гүйцэтгэгч Д. Наранцацралт нар төслийн гэрээнд
гарын үсэг зурж буй нь


Нийслэлийн Өргөө амаржих газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д. Наранцацралт
болон Өргөө амаржих газрын холбогдох хүмүүстэй хамт авахуулсан дурсгалын зураг


Улсын томоохон хэмжээний эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн
засварын төсөлд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагааг
сурвалжилсан сэтгүүлчдэд ярилцлага өгч буй нь