ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

日本国国旗

在モンゴル日本国大使館

2017 оны санхүүгийн жилийн “Япон улсын буцалтгүй тусламжийн Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх Төв аймгийн Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн засварын төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.

8 дугаар сарын 10-ны өдөр, Япон улсын Элчин сайд М.Такаока Төв аймагт зочилж, Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах Япон улсын буцалтгүй тусламжийн хөтөлбөр (*1)”-ийн хүрээнд хэрэгжүүлэх дараах төслийн гэрээнд аймгийн Засаг дарга Ж.Батжаргалын хамт гарын үсэг зурлаа.
 
Хэрэгжих төслийн нэр: Төв аймгийн Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн засварын төсөл
Тусламжийн хэмжээ: 64,686 ам.доллар
Хүлээн авагч байгууллага: Төв аймаг
 
Гарын үсэг зурах ёслолын үеэр Элчин сайд М.Такаока хэлэхдээ “Өнөөдөр, Төв аймагт хэрэгжүүлэх буцалтгүй тусламжийн Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийн төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслолыг Төв аймагт зохион байгуулсанд туйлын баяртай байна. “Боловсрол бол улс орны багана” , “Хүүхэд бол улс орны эрдэнэ” билээ. Энэ удаагийн төслийн дүнд тус сургуульд суралцаж буй 500 хүүхдийн сурч боловсрох таатай орчин бүрдэж, Монгол орныг хөгжүүлэх ирээдүйн боловсон хүчин олноор төрөн гараасай хэмээн чин сэтгэлээсээ хүсч байна.” хэмээв.
Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал хэлэхдээ “Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн засварын төслийг 64,686 ам.долларын буцалтгүй тусламжаар хийх болсонд туйлын их баяртай байна. Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр нь аймаг, орон нутагт зайлшгүй шаардлагатай нийгмийн салбар болон орон нутгийн засаг захиргааны төслүүдийг дэмжиж ажилладаг. Япон улсын Засгийн газарт Төв аймгийнхаа ард иргэдийг төлөөлөн гүн талархлаа илэрхийлье.” хэмээв.
 
Япон улсын Засгийн газар нь Монгол улсын боловсрол болон нийгмийн салбарт тулгамдаж буй олон асуудлыг бодит хэрэгцээнд нь тулгуурлан түргэн шуурхай шийдвэрлэхийн тулд цаашид ч “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн бүхий л боломжийг ашиглаж хамтран ажиллахын зэрэгцээ Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг зорих болно.
 
(*1) Япон улсын Засгийн газар 1990 оноос эхлэн “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж ирсэн. Хөгжиж буй орнуудын орон нутгийн засаг захиргааны байгууллага, боловсрол болон эрүүл мэндийн байгууллагуудаас хэрэгжүүлдэг энгийн ард иргэдэд шууд үр ашгаа өгөх, иргэдийн хэрэгцээнд тулгуурласан тусламжийг үзүүлэх төсөлд Япон улсын дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан санхүүгийн тусламж үзүүлдэг.
 


Элчин сайд М.Такаока, аймгийн Засаг дарга Ж.Батжаргал нар
төслийн гэрээнд гарын үсэг зурж буй нь.
 

Төслийн гэрээг солилцсон нь
 

                 Засаг дарга Ж.Батжаргал болон Төв аймгийн холбогдох хүмүүс гарын
                 үсэг зурах ёслолын арга хэмжээний үеэр авахуулсан дурсгалын зураг