ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

日本国国旗

在モンゴル日本国大使館

Ерөнхий сайдын тусгай элч Мотоо Хаяашигийн Монгол улсад хийсэн айлчлал

2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр
 
Ерөнхий сайдын тусгай элчийн хувиар Монгол улсад айлчлал хийж буй ЛАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч (Япон улсын Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга) Мотоо Хаяаши 7 дугаар сарын 10-ны өдөр Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын тангараг өргөх ёслолд оролцохын хамт Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав.
 
1 Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцов (10-ны өдрийн 12 цаг 30 минут (орон нутгийн цагаар))
 
                   


 Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод Засгийн газрын ордонд Ерөнхийлөгч Х.Баттулгын тангараг өргөх ёслолын ажиллагаа болж өнгөрлөө. Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөх үеэр хэлсэн үгэндээ “Ард түмнийхээ итгэлийг шаргуу зүтгэлээр хариулан ажиллан ард түмнийхээ дуу хоолойг сонсдог, иргэдтэйгээ хамтран ихийг бүтээнэ” хэмээн онцлон тэмдэглэв.

2 Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав (10-ны өдрийн үдээс хойш)

                  

Тусгай элч М.Хаяаши Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхах үеэр Ерөнхий сайд Ш.Абэгийн илгээлтийг гардуулж Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэсэн мэндчилгээг уламжлахын хамт Япон, Монгол хоёр орны харилцааны хөгжлийн талаар өргөн хүрээнд санал бодлоо солилцов.

3    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад бараалхав (10-ны өдрийн үдээс хойш)
Тусгай элч М.Хаяаши Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад бараалхах үеэр хоёр тал Япон улс, Монгол улс нь үндсэн үнэт зүйлсийг хуваалцдаг бүс нутгийн түнш гэдгээ дахин нотлохын хамт цаашид өргөн хүрээнд хамтран ажиллах талаар санал бодлоо солилцов.
    
                  
 
4    Нас барсан япон иргэдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөв (10-ны өдрийн үдээс өмнө)

                 

Тусгай элч М.Хаяаши Улаанбаатар хотын хойд хэсэгт орших нас барсан япон иргэдийн дурсгалын цогцолборт хүрэлцэн очив. Тэрбээр дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, 1945 - 47 онд эх нутагтаа буцахыг хүсэн хүлээсээр нас барсан япон иргэдийг дурсан хүндэтгэл илэрхийлэв.

5 Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудалтай танилцав (11-ний өдрийн үдээс өмнө)

          

Тусгай элч М.Хаяаши Японы Хөгжлийн албан ёсны тусламж (ODA)-ийн хүрээнд баригдаад буй Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудалтай танилцав.

6 Үндэсний Их баяр наадмын нээлтэд оролцов (11-ний өдрийн үдээс өмнө)

          
Тусгай элч М.Хаяаши Монгол улсын Үндэсний Их баяр наадмын нээлтэд оролцож Монголын уламжлалт баярыг Монгол түмний хамт тэмдэглэн өнгөрүүллээ.

7 Үндэсний Их баяр наадмын хүндэтгэлийн хүлээн авалтад оролцов (11-ний өдрийн орой)

                 

Тусгай элч М.Хаяаши Үндэсний Их баяр наадмын хүндэтгэлийн хүлээн авалтад уригдан Монгол улсын Төр, засгийн өндөр дээд албаны хүмүүсээс гадна уг хүлээн авалтад хүрэлцэн ирсэн зочидтой өргөн хүрээнд санал бодлоо солилцсон юм.