ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

日本国国旗

在モンゴル日本国大使館

2017 оны санхүүгийн жилийн “Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжийн Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 85 дугаар бүрэн дунд сургуулийн хичээлийн болон дотуур байрны засварын төсөлд гарын үсэг зурлаа.

8 дугаар сарын 25-ны өдөр, Япон улсын Элчин сайд М.Такаока Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт зочилж, Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр(1*)”-ийн хүрээнд хэрэгжүүлэх дараах төслийн гэрээнд дүүргийн засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Баясахын хамт гарын үсэг зурлаа.
 
Хэрэгжих төслийн нэр: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 85 дугаар бүрэн дунд сургуулийн хичээлийн болон дотуур байрны засварын төсөл
Тусламжийн хэмжээ: 83,521 ам.доллар
Хүлээн авагч байгууллага: Баянзүрх дүүрэг
 
            Гарын үсэг зурах ёслолын үеэр Элчин сайд М.Такаока “Япон улсын засгийн газар нь Монгол улстай хамтран ажиллахдаа “Боловсролын салбар”-ыг онцгойлон чухалчилдаг бөгөөд боловсролын орчинг сайжруулах олон ажлуудыг хэрэгжүүлж ирсэн. Энэ удаагийн төслөөр дамжуулан уг сургуулийн 850 сурагчийн сурч боловсрох таатай нөхцөл бүрдэж, Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулах боловсон хүчин олноор төрөн гараасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.” хэмээв.
 
            Мөн тус дүүргийн засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Баясах “Энэ төслийг дэмжин ажилладаг Япон улсын засгийн газарт чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Монгол улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож буй тэмдэглэлт энэ жил гарын үсэг зурах болсонд туйлын баяртай байна. Хоёр орны хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, цаашид ч ирээдүй хойч болсон бяцхан үрсийн маань боловсролд хөрөнгө оруулалт хийнэ гэдэгт итгэж байна.” хэмээв.
 
            Гарын үсэг зурах ёслолд Баянзүрх дүүргээс нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг болон С.Жавхлан нар оролцож мэндчилгээ дэвшүүллээ.
 
            УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Япон улсын засгийн газраас 1990 оноос хойш хэрэгжүүлж буй “Өвсний Үндэс буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн тоо энэ удаа гарын үсэг зурсан төслийг оролцуулаад 507-д хүрээд байна. Монгол улс, тэр дундаа Баянзүрх дүүрэгт ихээхэн дэмжлэг үзүүлдэгт Япон улсын ард иргэдэд Баянзүрх дүүргээс нэр дэвшсэн УИХ-ын гишүүний хувьд талархалаа илэрхийлье.” хэмээв.
           
            УИХ-ын гишүүн С.Жавхлан “Монгол улсын ирээдүйн төлөө Монголын төр засаг шийдэх ёстой байсан боловсролын асуудалд Япон улсын засгийн газрын дэмжлэгийг хүртэж байгаад талархаж байна. 85-р бүрэн дунд сургуульд суралцаж буй сурагчдын оюун ухаан тэлж, Монгол улсад хэрэгтэй боловсон хүчин болно гэж итгэж байна.” хэмээв.
 
            Япон улсын засгийн газар нь цаашид ч “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн бүхий л боломжийг ашиглаж, Монгол улсын боловсрол болон нийгмийн салбарт тулгамдаж буй олон асуудлыг бодит хэрэгцээнд тулгуурлан түргэн шуурхай шийдвэрлэн хамтран ажиллахын зэрэгцээ хоёр орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг зорих болно.
 
(*1) Япон улсын Засгийн газар 1990 оноос эхлэн “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж ирсэн. Хөгжиж буй орнуудын орон нутгийн засаг захиргааны байгууллага, боловсрол болон эрүүл мэндийн байгууллагуудаас хэрэгжүүлдэг энгийн ард иргэдэд шууд үр ашгаа өгөх, иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурласан тусламжийг үзүүлэх төсөлд Япон улсын дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан санхүүгийн тусламж үзүүлдэг.

          
          Доод эгнээний зүүн гар талаас УИХ-ын гишүүн С.Жавхлан, дүүргийн ЗД-ын үүрэг гүйцэтгэгч
           Т.Баясах, Элчин сайд М.Такаока, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг болон Баянзүрх дүүргийн
                холбогдох хүмүүс гарын үсэг зурах ёслолын үеэр татуулсан дурсгалын зураг

          
                Элчин сайд М.Такаока, дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Баясах нар
                           төслийн гэрээнд гарын үсэг зурав.

          
                        Төслийн гэрээг солилцов.