ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

日本国国旗

在モンゴル日本国大使館

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Засгийн газар хоорондын Солилцох ноот бичигт гарын үсэг зурав

     
      6 дугаар сарын 29-ний өдөр, Монгол улсын Сангийн яаманд, Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн хоёр орны Засгийн газар хоорондын Солилцох ноот бичигт Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока, Монгол Улсын Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар гарын үсэг зурлаа.
     Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд оролцсон Сангийн сайд Б.Чойжилсүрэн "Чадварлаг боловсон хүчинг бэлтгэж, Монгол улсын урт хугацааны хөгжил, цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж буй Япон улсын Засгийн газарт талархлаа илэрхийлье. “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-өөр суралцсан чадварлаг боловсон хүчин нь манай хоёр орны хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлж, үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байна" хэмээв.
      Элчин сайд М.Такаока “Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь 2001 онд Монгол улсад хэрэгжиж эхэлснээс хойш өнөөг хүртэл нийт 280 оюутан, залуус Япон улсад магистрын хөтөлбөрт хамрагдаад байна. Нутагтаа буцаж ирсэн оюутан, залуус төрийн захиргааны байгууллага, их дээд сургууль, Монгол банк зэрэг нийгмийн олон салбарт үр бүтээлтэй ажиллаж байна. Мөн энэ жилээс илүү өндөр мэдлэг, чадвартай боловсон хүчин бэлтгэх зорилгоор докторын хөтөлбөр нэмэгдсэн бөгөөд хувийн хэвшилд ажиллаж буй япон хэлтэй залуус Япон улсад суралцах боломжтой боллоо. Энэ жил Япон улс, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож буй бөгөөд уг хөтөлбөр хэрэгжсэнээр Япон улсад суралцсан залуус нийгмийн салбарын нэн тэргүүн эгнээнд ажиллаж, “Стратегийн түншлэл”-ийг бэхжүүлэхийг зорьж буй манай хоёр орны харилцан ойлголцол, найрамдалт харилцааг улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн мэндчилгээндээ дурдав.
 
Төслийн танилцуулга
1. Төслийн нэр: “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр 
                            (The Project for Human Resource Development Scholarship)
   
    (1) Солилцох ноот бичгийн төслийн нийт өртөг: 307 сая иен (ойролцоогоор 6 тэрбум 400 сая төгрөг)
    (2) Төслийн агуулга:
Уг хөтөлбөр нь Монгол улсын ирээдүй болсон төрийн албан хаагч, залуу боловсон хүчнийг Япон улсын их, дээд сургуулийн магистр, докторын хөтөлбөрт (хувийн хэвшлээс 2 оюутан, докторын хөтөлбөрт 2 оюутан хамрагдаж байгаа) суралцахад шаардлагатай зардлыг олгодог.